Сэхээрэл

Энэ бүхэн ингэж эхлэсэн юм…

1997 оны намар.  Туул гол, зайсангийн хажуугаар өдөр бүр явна. Нэг өдөр зайсан руу гармаар тэсэлгүй их санагдсан. Хороололд байх ахындаа амьдардаг байсан. Цүнхээ оруулж тавиад Зайсан руу явсан юм.  Тэр үед тэнд одоогийнх шиг шамбааралдсан байшин барилга байхгүй, байгалийн өнгө үзэмж тунгалаг байсан цаг.

Гүүрээр гараад цаахна нь уулын бэлээр алхаж явахад нэг л өөр мэдрэмж төрсөн, өөрийн эрхгүй нарлуу харан, гараа алдлан нүдээ анихад би тэр хавийн байгалийн сайханд уусчих шиг санагдсан. Нүдээ нээхэд бүүр сонин зүйл болсон, би байгаа хирнээ бие минь байхгүй болсон мэт, би хаа сайгүй байгаа мэт, моддын навчис, цэцэгсийн өнгийг ингэж тод амьд өнгөтэй байсныг ер санахгүй юм, тэр уул, тэр мод тэнгэр, нар би өөрөө юм шиг, үгээр илэрхийлэшгүй таатай сайхан, бас урьд нь огт болж байгаагүй хирнээ танил мэдрэмж, ингээд Зайсанийн орой дээр гараад өөрийн эрхгүй уйлаад л бас аз жаргал дүүрэн инээгээд л, инээх, уйлах зэрэгцэж болдог юм байна лээ.

Энэ мөч миний амьдралыг өөрчлөсөн юм. Ямар нэгэн агуу гэхдээ их энгийн зүйлийг амсаад өнгөрсөнөө мэдсэн. Үүнээс хойш би урьдын би биш болсон.

Дараагийн 21 жил үүнийг таниж мэдэх, суралцах, боловсрох жилүүд байсан. Зам мөр үргэлжилсээр л байна. Ингээд тухайн цаг үеийнхээ оюун санааны элитүүдтэй уулзах, сургалт, номын мөр хөөж Америкыг зорьсон. Хориод муж улсаар аялсан, одоо бодоход үүрэвчтэй аялал байж, шөнө нь машиндаа унтана. Том track зогсдог зогсоол дээр түр буудалж усанд орчино. Мөнгө хэрэгтэй бол монголоос захиалж авсан А4 хэмжээтэй гар зурагыг гудамжаар яваад зарчина. Нэг иймэрхүүгээр амьдрана. Тэр мөнгө ихэнхдээ ном бас workshop-д зарцуулагдана. Болоогүй бас хармааны хэдэн төгрөг ар гэрлүүгээ явуулахаа ч амжуулна.

2002 он Monterey-д дараагийн том давалгаа эхлэсэн юм. Үүнээсн өмнө бясалгалын тухай огт мэддэгүй, гэхдээ Христын сүмд очдог, залбиралыг өөртөө нээсэн байсан. Ингээд тэр өдөр ирсэн юм. Монтэреи жижигхэн, далайн эрэг дээрх үзэсгэлэнт хот нэг л ер бусын. Миний амьдардаг байшин төв замын хажууд гэхдээ хөл үймээн багатай. Ялангуяа баярын өдрүүдээр бүүр эл хул болно. Шөнө гэрэлээ асаахгүй, гаднаас замын гэрэл хангалттай өрөөг гэрэлтүүлнэ. Ингээд бясалгал хийхээр суулаа. Амьсгал дээрээ анхааралаа хадгална, энгийн юм шиг боловч хосгүй арга.

Гэнэт би суудалаасаа дээшээ агаарт хөвөх шиг санагдав. Гэхдээ зөгнөлт зохиол дээр гардаг шиг агаарт хөөрөөгүй юм шүү. Тэр бол кундалини эрчим мэлмийн хүрд рүү өгсөж хүчтэй төвлөрөл үүсгэсэн нь надад дээшээ хөөрөх мэдрэмж төрүүлсэн л хэрэг. Цох хавьцаа тунгалаг зөөлөн тод гэрэлт орон зай үүсэв. За нөгөө бурхантай уулзах нээ эсвэл үхэж байгаа байх гэмээр сонин мэдрэмж, бас сониуч зан хөдлөнө. Ямар нэг бурхан, дүр төрх бол хараагүй юмдаг. Цаг хугацаа харин зогссон мэт надад арваад минут болсон мэт санагдсан ч үүр цайх шинж орсон байсан. Энштейны орон зай цаг хугацаа хувьсаж байдаг онолыг бол харин өөртөө баталсан юм. Үндэс үгүй, суурь үгүйг танин барих эсвээс туйлын чинагшаа ухаарах замналд нэг алхам хийгдсэн хэрэг.

Үүнээс хойших хэдэн өдөр бүх мэдрэхүй маш торгон мэдрэг, цаг хугацааг мэдрэх урьдын ухагдахуун орвонгоороо өөрчлөгдсөн. Нэг өдөр хэдхэн хором шиг эсвэл цаг хугацаа бүүр зогссон ч юм шиг, өөрийн  тухай дурсамж хаа холын хэн нэгний л тухай юм шиг, бүхнийг дахин сураж байгаа юм шиг хэцүү удаан, үеийг өнгрөөх хэрэгтэй болсон. Амаргүй хэцүү байсан. Гудамжинд алхаж явахдаа ямар ч зорилгогүй хаа хүрэхээ мэдэхээ байна, зулай цоорох гэж байгаа мэт тэсгэлгүй өвдөнө. Шалтгаангүй өндөх халуурна гэнэт зүв зүгээр болно. Заримдаа энэ бүхнийг ухраагаад урьдын амьдралаараа явж болдог ч болоосой гэж бодох үе байсан. Би ямар нэгэн гэгээрэлийн тухай яриагүй шүү. Олон ч хүнд тохиолдсон, хэнд ч тохиолдож болох эсвэл тохиолдох цагаа хүлээж байгаа ухамсарын хувьсалын тухай ярьж буй юм. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ үйл явц цааш хувьсалын гал болон дүрэлзэлгүй, тухайн хүний аахар шаахар амьдрал, ажил гэр хоёрын хооронд салхинд хийсээд өнгөрдөг. Тэр очыг гал болгон дүрэлзүүлэхэд ихээхэн зориг бас эрсдэл шаарддаг. Зүгээр л copy paste сэтгэлгээтэй бол цааш явахгүй.

Энэ бол давалгааны дараах давалгаан шиг хувьсалын үйл явц. Энэ онлайн сургалтын сайтыг эхлэж байгаа зорилгыг та одоо ойлгож байгаа байх. Өмнөх үедээ дараа үе нь өөрийн ололт, бүтэлгүйтэлээс тойрох, огт шинэ туршлага, шинэ нутагт зам мөрөө гаргахад нь  зөвлөх нь хүний ёсон. Тэгээд ч өнө эртний билэг ухаан, орчин цагын ололт, нээлт  хавсарсан Интеграл судлал, зэрэг  салбаруудын тухай үнэр ч манай залуу үед харагдахгүй байгаа нь ноцтой таагүй санагдаж байгаа тул өөрийн хэмжээнд нэмэр болсугай хэмээн сэтгэв. Тиймээс хэдэн цуврал онлайн сургалт оруулах төлөвлөгөөтэй байна. Мөн санаа нэгт  хүмүүнтэй багаар ажиллах, хамтрах үргэлж нээлттэй.