Буддагийн таван утга

mutar

Гагцхүү бодол, сэтгэлийн чанадад гарсан ухаан л үүлгүй цэлмэг тэнгэр дэх наран хурцаар гэрэлтэх мэт…Гаутам Буддагийн мэндэлсэн нэр нь Сидхарта. Гаутам бол түүний гэр бүлийн нэр. Түүний бүтэн нэр нь Гаутам Сидхарта.  Будда бол түүний нэр бус түүний гэгээрэл болой. Будда гэдэг нь гэгээрсэн нэгэн гэсэн утгатай. Гаутам Будда хамгийн алдар цуутай гэгээрсэн хүмүүн боловч энэ нь түүнээс өөр гэгээрсэн хүмүүн байхгүй гэсэн үг бус. Түүний өмнө ч олон олон Будда төрж байсан, түүнээс хойш ч олон Будда төрөх болно… хүн бүхэнд Будда болох үр язгуур бий. Гагцхүү тааламжтай мөчийг л хүлээнэм. Амьдралын бодит байдалд цөхөрч, бүхэнд хүрэвч юугч үл олж чадаад чи өөрийн дотоодруугаа эргэх өдөр ирнэ.

Будда гэдэг үгний утга нь сэрсэн ухамсар. Будхи буюу ухаан нь бас л нэгэн язгууртай. Язгуур болох Буд нь маш олон утгатай. Ганц үгээр орлуулан хэлэх боломжгүй. Яруу найраг шиг уянгалаг бас урсгал чанартай. Түүний таван утгыг тайлбарлая. Эхнийх нь сэрэхүй, өөрийгөө сэрээхүй, бусдыг сэрээх, сэрүүн. Зүүд мэт хорвоогийн хуурмаг үзэгдэлийн хүлээснээс ангижран сэрэхүй нь зүүд нойрны эсрэг билээ.

Энэ нь Будын анхны утга буюу чиний дотор сэрэхүйг үйтгэхүй. Хүн ер нь унтаж байдаг юм. Хэдий чи сэрүүн байна гэж бодож байвч бөх нойрондоо дугжирч байдаг. Зам дээгүүр алхаж явна… Сэтгэл дотроо чи бүрэн дүүрэн сэрүүн байна гэж боддог. Гэвч Буддагийн ухамсараар бол чи унтаж байгаа. Сэрүүн үедээ ч мянга нэгэн бодол зүүд дунд чи төөрч будилдаг. Энэ дэн дун байдалд чиний дотоод гэрэл гэгээ чинь аадрын үүлэнд автсан мэт бүдгэрдэг. Тиймээ чиний нүд нээлттэй байвч зүүдэндээ алхаж явдаг. Зарим хүн зүүдэндээ алхаж явдаг шиг л чи ч бас нойрон дундаа нүдээ нээгээд алхаж явна гэж Будда чамд хэлэх болно. Тэгээд чиний дотоод билэг хараа чинь аниастай. Чи өөрийгөө хэн гэдгийг  үл мэднэ. Чи өөрийн бодит байдлаа олж хараагүй байна. Чи сэрүүн биш байна. Сэтгэл дотор чинь хуйлран эргэлдэх бодлын дунд чи сэрүүн байж үл чадна.

Гагцхүү бодол, сэтгэлийн чандад гарсан ухаан л үүлгүй цэлмэг тэнгэр дэх наран хурцаар гэрэлтэх шиг… Ийм л ухамсар сэрүүн сэргэг байдаг. Ийм л ухаан одоо энэ мөчид орших чадвартай. Чи хэдий чинээ өнгөрсөн болоод ирээдүйд уягдана төдий чинээ чиний ухаан дорой давчуу байх болно. Одоо энд оршигч ухаан л нээлттэй саруул зөвхөн энэ  мөчид энд өөр хаана ч биш. Энэ л үед чи сэрдэг. Жишээ нь чи гэртээ сууж байтал гэнэт гал авалцан байшин чинь шатаж чамд амь наана там цаана байдал үүсвэл чи хормын төдийд ч болов сэрэх болно. Энэ мөчид чи олон зүйлийг бодох боломжгүй. Чи өнгөрснөө түрч болов мартана. Чи сэтгэл зүйн ой дурсамжиндаа живэхгүй нь лав. 3 жилийн өмнө нэг сайхан эмэгтэй, эрэгтэйд дурлаж билээ. Өчигдөрийн Хятад рестораны хоол одоо ч амтагдаж байгаа тухай гээд л бодох зав чамд гарахгүй. Амь чинь дээсэн дөрөөн дээр байгаа хойно. Галд улалзан асахад гэнэт чи энэ мөчид орж ирнэ. Ирээдүйн тухай бодол маргааш юу хийх тухай чи бодож үл амжина. Бүр өнөөдөр юу болох нь чухал бус болно. Гагцхүү яг одоо энэ мөч энэ нэг секунт л чухал. Буд буюу ухааны эхний утга нь энэ юм. Энэ үед ухаанд чинь эхний гэрэл гэгээ тусна. Сэрэхийг хүсч байгаа хүн, Будда болохыг хүсэгч хүн гагцхүү мөчөөс мөчид л амьдардаг. Яг л үхлийн аюул тулгарсан үед тэр мөчийг амьд сэрүүн мэдэрдэг  шигээ. Бодит байдлыг гагцхүү нойрноос сэрж байж л харна. Чи тэгээд түүнтэй нүүр учирна. Түүнийг үнэн гэнэ үү Бурхан гэж дуудна уу ялгаагүй. Зөвхөн сэхээрсэн, сэрсэн үедээ л учирна. Чи галын халууныг энэ мөчийн амьдлагыг мэдэрч байна уу? Бүрэн дүүрэн сэрнэ. Энэ ухаарал чамд эрх чөлөө, үнэнийг авчирна.

Будын хоёр дахь утга нь ухаарал. Будда бол худлыг  худал хэмээн ухаарсанаар үнэнийг харах нүдээ нээсэн нэгэн юм. Худлыг худал гэж мэдсэнээр үнэнийг ухаарах анхны ойлголт төрнө. Гагцхүү худлыг хуурмаг болохыг олж харснаар л чи үнэн гэж юу болохыг харах чадвартай болно. Үнэнийг нээе гэвэл чи төсөөлөл тодроо амьдарч чадахгүй. Чи итгэл үнэмшилдээ автаж болохгүй. Өөрийн үзэмжээр харах боломжгүй. Худлыг хуурмаг гэдгийг ухаарах учиртай. Энэ бол Будын 2 дахь утга. Худлыг худал гэдгийг ухаарах, үнэн бусыг үнэн бус гэж ухаарах. Жишээ нь чи бурханд итгэдэг. Чи Христ, Хинди, Мохамэд шашинт гэр бүлд төрсөн байг. Бурхан байдаг гэж заалгасан. Чамайг Бурханаас айдаг болгож өсгөсөн. Хэрэв чи Бурханд итгэхгүй бол чи тамд унана, шийтгэгдэнэ. Тэрээр их догшин тэр чамайг хэзээ ч уучлахгүй. Еврейчүүдийн ертөнцийн эзэн “Би атаархуу бурхан” гэж өөрийгөө хэлсэн байдаг. Зөвхөн надад залбир өөр хэнд ч бүү ханд гэнэ. Мохамэдийн эзэн бурхан адилхан зүйлийг хэлнэ. Нэг л Бурхан бий өөр бурхан үгүй. Нэг л гэгээнтэн бий. Тэр бол Мохамэд өөр гэгээнтэн үгүй хэмээнэ. Энэ нөхцөлдсөн сэтгэл дотор чинь бугларч хэдий чи бурханд итгэхгүй  гэж зүтгэвч дотор чинь айдас байсаар л банйа. Чи Бурханд итгэдэг байхаар хүмүүжсэн. Тэгээд л чи итгэдэг. Энэ бол итгэл. Бурхан оршдог эс оршдог нь чи юу гэж итгэхээс огтхон ч хамаарахгүй.  Чиний итгэх эс итгэхээс үнэн хамаарахгүй. Хэрэв чи Бурханд итгэдэг бол чи түүний тухай бодож эцэст нь бүр Бурханыг төсөөлөлдөө хардаг болно. Хэрэв чи Бурханд үл итгэдэг бол тэр үл итгэхүй чинь бодит байдлыг харахаас хааж харалган болгоно. Бүх итгэл үнэмшил чамайг үнэнээс холдуулна. Чиний эргэн тойрон бодлын, үзэлийн үүлэн хана босно. Үүнийг Будда аварнас гэжээ. Ухаалаг хүн юунд ч итгэхгүй бас үл итгэлд ч автахгүй. Ухаалаг хүн нөхцөл байдал бүхэнд нээлттэй байж ухаарч ойлгоход бэлэн байдаг. Хэрэв Бурхан байгаа бол түүнийг танин мэднэ. Гэхдээ итгэлээр биш тэрээр итгэдэггүй. Зөвхөн итгэл, үл итгэлгүй ухаанд л үнэн танигдана. Хэрэв чи хэдийнээ итгэдэг бол чиний дотор үнэн орж ирэх өчүүхэн ч зай завсар байхгүй. Чиний итгэл үнэмшил аль хэзээний бүхнийг хордуулж орхино. Чиний итгэл үнэмшилийн эсрэг зүйлийг чи харж чадахгүй. Чи айж түгшиж эхэлнэ. Чи итгэлдээ асар их зүйлийг зарцуулсан. Бүх  амьдарлаа, цаг хугацааг, өдөр бүрийн 5 удаагийн залбирал. Ингээд 50 жилийг зарцуулсан хүн одоо гэнэт… хэрхэн Бурхан үл оршдог гэх баримтыг ухаарч чадах билээ дээ. Бүх л амьдарлаа коммунизмд зарцуулсан Бурхангүй ертөнцөд итгэгч тэрээр хэрэв Бурхан оршдог бол түүнийг яаж олж харах вэ дээ. Тэрээр аль болох зугтан зайлс хийнэ. Би Бурхан оршдог эс оршдогийн тухай юу ч яриагүй байна. Миний хэлж байгаа зүйл чиний тухай юм. Бурханы тухай бус. Цэвэр оюун ухаан юунд ч баригдаж хүлэгдээгүй, ямар нэг итгэл үнэмшилд автаагүй ухаан л чамд хэрэг болно. Тэр үед чи яг л тунгалаг толь шиг болно. Юу байна түүнийг л тусгана. Чи нөлөөт толь шиг бодит байдлыг буртаглахаа болино.

Энэ бол 2 дах утга. Ухаант хүмүүн коммунист ч бус, капиталист ч бус. Ухаант хүмүүн итгэл  болон үл итгэлд автахгүй. Энэ түүний зан биш. Тэрээр амьдралд юу байна түүнийг л олж харна. Тэрээр ухаарах танин мэдэхэд хэзээд нээлттэй байх болно. Түүний хараа тунгалаг, нүдэнд нь тоос шороо ороогүй. Хараа билэг нь хурц ийм л цөөхөн хүн үнэнд хүрдэг ажаам.

Будын гурав дах утга нь мэдэхүй, ойлгохуй. Будда үнэнийг танин мэдсэн. Юу болохыг нь ойлгосон. Түүнийг танин барьсан нь Буддаг бүх уяа хүлээснээс нь чөлөөлсөн. Буд гэдэг нь ойлгохын чанараар мэдэх болохоос мэдээллийн утгаар мэдэх бус юм. Будда ихийг мэдэгч биш. Бүх Билгүүн хүмүүс мэдээллийн чанартай мэдлэгийг хайхардаггүй. Харин танин мэдэх чадвар чансааг чухалчилдаг түүний сонирхол нь мэдлэг бус мэдэхүй билээ. Мэдэхүй нь ойлгохуйг бий болгодог. Хоосон мэдлэг зөвхөн ойлгосон юм шиг мэдрэмжийг өгөхөөс ойлгохуйг авч ирдэггүй. Хоосон мэдлэг хуурамч зоос шиг чамайг мэхлэнэ. Чи мэдлэгийг хичнээн бол хичнээнийг хуримтлуулж чадна. Чи ном бичиж доктор, профессор цол хамгаалж болох ч нөгөө л тэнэг харанхуй хэвээр ямар байсан түүгээрээ үлдэнэ. Тэр зэрэг дэв чинь чамайг өөрчлөхгүй. Тийм зүйлс чамайг өөрчлөх чадваргүй. Үнэн хэрэгтээ чи улам мулгуу болно. Одоо чи бүр зэрэг цолтой болчихлоо. Өөрийгөө диплом төдийхнөөр л батлана. Амьдралд энэ чинь чамайг батлахгүй. Энэ нь юуг ч ямар ч аргаар батлаж нотлохгүй. Яахав нийгмээр чи хүндлэгдэж шагнал алдар нэр олно. Хүмүүс чамайг их зүйлийг мэддэг гэж бодно. Чи ч өөрийгөө ихийг мэддэг гэж бодно. Чи үүнийг харахгүй байна гэж үү. Мэдлэгтэй гэх тэдгээр хүмүүс бусдынхаа л адил харанхуй заримдаа бүр хэцүүхэн. Академын эрдэмтэдийн дотроос ухаантай хүнийг олох амаргүй. Би өөрийнхөө  туршлагаас хэлж байна. Ухаантай тариачинтай олон таарсан. Ухаантай профессортой таарч байсангүй. Яагаад тэр билээ. Тэр хүмүүст юу тохиолдох нь энэ вэ. Ямар нэг зүйл нь буруу эргэчихжээ. Тэд мэдлэгээс хамаарах болсон. Тэд мэдэхийн тулд мэдлэгийн дор нь орчихжээ. Тэгээд 2-рт зогсох болж. Эхэнд зогсохын тулд эр зориг хэрэгтэй.

Мэдэхүй… Олны хөлийн зам харгуйг гатлан үл танигдах шингэн ойн зүг жим гарган аялагч тэдгээр цөөхөн хүмүүст л хамаардаг. Магадгүй их ойд тэд төөрч алдарч ч болох юм. Эрсдэл үргэлж өндөр. Харин бусдын адил хоосон мэдлэг горлигчид сандал дээр суугаад л их сургуулийнхаа номын санд орж мэдээлэл цуглуулна. Тэгээд уул овоо шиг мэдээ мэдээлэл дээрээ заларцагаана. Мэдлэгээр чиний санах ой чинь улам л нүсэр болох ч ухаан чинь тэлнэ гэж үгүй. Заримдаа харин ч мэдлэггүй хүн өөрийн ухаанаа илүүтэй ашигладаг. Би ингэж сонссон юм.

Лаазтай жимсээ онгойлгож чадаагүй эзэгтэй хоолны жорны номноос энэ тухай хайж гэнэ. Хэрхэн лааз  онгойлгох тухай уншаад галтогооны өрөөндөө ортол зарц нь аль хэдийн онгойлгочихсон байжээ. Чи яаж онгойлговоо гэтэл хатагтай би уншиж чаддаггүй болохоор толгойгоо ажлуулах хэрэгтэй болдог юм гэжээ. Ийм л зүйл болдог юм. Боловсрол багатайхан шиг малчин, цэцэрлэгч, мод огтлогч харин саруул ухаантай агаад сэргэг, сийрэг байдаг. Будын гурав дах утга нь мэдэхүй. Ойлгохуйн дайдаар мэдэх. Будда оршихуйг таньсан ойлгосон. Энэ ухаарал нь түүнийг бүх хүлээснээс нь ангижруулсан. Энэ ямар утгатай вэ. Чи айдсаас ангижиръя гэвэл эхлээд айдсыг ойлгох хэрэгтэй. Айдас, үхлээс айх айдас чиний дотор байна… Чи айж байвал өөрийнхөө эргэн тойронд дунгийн хясаа мэт ханыг бий болгодог. Хүмүүс чамайг айж байгааг чинь анзаарахаа болино. Чи өөрөө ч айж байгаа гэдгээ мэдэхээ болино. Хана чамайг бусдаас тусгаарладаг шигээ чи өөрөө айж байгаа гэдгийг чинь ч мэдрүүлэхгүй болгочихно. Ухаант хүн бодит баримтаас хэзээ ч зугтдаггүй. Түүнд айдас байвал тэр зайлс хийхгүй. Айдастайгаа нүүр тулна. Учир нь гарах гарц нь тэр. Өөрийн айдсаа хүлээн зөвшөөрч ойлгохыг чармайна. Яавал айхгүй байх вэ гэж арга зохиохгүй. Зүгээр л айдас гэж юу вэ гэж л өөрөөсөө асууна. Айдас надад байна, энэ миний бодит байдлын нэг хэсэг болжээ. Түүнийг ойлгоё. Хэрэв би ухаарч чадахгүй бол миний нэг хэсэг нь үргэлж надад танигдахгүй байсаар байх болно. Хэрэв би өөрийнхөө нэг хэсгээс зайлс хийж байвал хэрхэн өөрийгөө хэн гэдгээ танин мэдэх билээ. Би айдсыг, үхлийг, уур хилэнг, атаархалыг эс ойлгох биш үү. Тэгвэл чи хэрхэн өөрийгөө танин мэдэх билээ дээ. Тэр бүх хэсэг чинь нийлээд чи шүү дээ. Энэ чиний оршихуйн бие. Чи өөрийнхөө бүхий л оршин тогтнолын булан зай, хонгил бүрийг харах учиртай. Магадгүй  чи айдсынхаа өмнө зүрх алдаж болох юм. Гэвч дотогш нэвтрэх хэрэгтэй. Зугтан зайлснаас нүүр тулсан нь хамаагүй дээр. Зугтчихвал тэр танин мэдээгүй хэсэг чинь үргэлж харанхуй хэвээр үлдэнэ. Чи улам л аймхай хулчгар болно. Айдас хуримтлагдаж улам бүр томорсоор л байх болно. Энэ мөчийг бүү алд. Маргааш гэхэд тэр чинь хорин дөрвөн цаг илүү амьдарсан байх болно. Сэргэг бай. Гүн үндэстэй тайрч унагахад бэрх болохоос нь өмнө нүүр тулан оч. Очоод хар. Харахдаа ямар нэгэн сэтгэлийн хандлага бүү илэрхийл. Айдас муу зүйл гэж бүү бод. Хэн мэдлээ. Муу биш ч байж болно шүү дээ. Судлаач хүн бүх боломжинд нээлттэй байх учиртай. Хаалттай оюун санаагаар юуг ч нээхгүй. Өрөөсгөл ухаан судалгаа хоёр нэг тогоонд багтахгүй. Магадгүй өвдөлт зовлонтой тулвал тэрээр өвдөнө зовно. Гэвч туулан гарна. Агшиж, бусгах ч явах л хэрэгтэй болно. Энэ миний орон зай. Тэр юу болохыг би мэдэх л болно. Магадгүй үнэт эрдэнэс нуугдаастай байгаа ч юм билүү. Энэ миний туршлага. Энэ миний танин мэдэхүй. Хэрэв чи айдас руугаа гүн гүнзгий орвол чи хайрыг олно. Тиймээс чи хайртай учирвал хайр хулжин оддог. Чи айж байвал хайрлаж чадахгүй. Хайр айдас хоёр хамтдаа байх боломжгүй. Тэгэхээр нэг л эрчим хүч айдас болон хувирч үгүй болохдоо хайр болон хувьсаж хайр үгүй болоход айдас болон дүрээ хувилгана. Ямар ч сөрөг зүйл бай чи нүүр тулан харж чадвал тэндээс эерэг сайхан зүйл ундрах болно. Сөрөг эерэг хоюуланг нь танин мэдсэнээр гурав дахь буюу үнэмлэхүй аз жаргалд хүрдэг. Үүнийг билэг бармид хэмээнэ. Энэ бол Будын ойлгохуйн утга.

Дөрөв дэх утга нь Гэгээрэхүй, гэгээрэл. Будда бол гэрэл. Тэрээр гэрэл гэгээ болсон. Түүнээс харанхуй арилан одож дотоод гэрэл нь тунгалаг цацарч байдаг. Утаагүй бадран дүрэлзэх гал. Мунхагийн харанхуйг дарж гэрэл гэрээрэл болсон ажаам. Чи нээж танигдаагүй харанхуйг агуулж байдаг. Хүмүүн Хималайн оргилд гарч, саранд хүрч, Ангарагруу хөлөг илгээдэг авч өөрийнхөө дотоод орон зайг судалж таниагүй. Хачин биш гэж үү. Хүн төрөлхтөн саран дээр хөл тавьсан боловч өөрийн дотооддоо хараахан хөл тавиагүй байна. Магадгүй Эвристийн оргилд гарах сарлуу аялах нь өөрөөсөө зайлан зугтаах арга нь бизээ. Өөрийн дотоодыг нээх нь түүнд их айдсыг мэдрүүлнэ. Чи өндөр уулын оргилд гарах нь чамд сайхан мэдрэмжийг төрүүлдэг байх л даа. Гэвч хамгийн өндөр оргил чиний дотор л  байгаа. Гадаад далайгаас ч гүн далай чиний дотор л бий. Гэтэл чи сарлуу тэмүүлэх  юм. Жинхэнэ саран чиний дотор байхад эрч хүчээ баран өөр тийш зүтгэнэ. Ухаант хүн эхлээд өөрийнхөө дотоодруу аялдаг. Хаа нэгтээ явхаасаа урьд дотор минь юу байна гэж судалдаг. Өөрийнгөө мэдсэн хүн л цааш аялалаа үргэлжлүүлж чадна. Тэр үед хаа ч явсан чамаас энх амгалан аниргүй баяр баясал ундран байх болно.

Дөрөв дэхь утга. Гэрээрсэн нэгэн. Ухамсар бол галын дөл. Түүнийг  тордон асаавал түүдэг гал болно. Гэрэл дулаан болно. Гэрэл тэгээд амьдрал хайр болон хувирна. Гэгээрэл гэдэг үгэнд тэр бүх утга багтана. Гэгээрсэн хүний дотор харанхуй бараа сурагч үгүй. Яг л өглөөний мандах наран мэт харанхуй халиран одож газар дэлхий сэрнэ. Будда өглөөний тунгалаг нарны гэрлийг дотооддоо нээсэн хүн юм.

Будын тав дахь утга нь чи дотоод дахь ёроолгүй гүнээ хэмжихүй. нэвтрэхүй, оршихуйн цөмдөө хүрэхүй. Хүн амьдралынхаа турш олон зүйлд хүрч нэвтрэхийг эрмэлздэг. Чиний сексийн хүсэл ч ялгаагүй нэгэн төрлийн нэвтрэх тэмүүлэл. Гэвч тэр чинь бусадруу чиглээстэй. Яг адилхан нэвтрэхүйгээр өөрийн оршихуйг танин мэднэ. Чи өөртөө нэвчин уусна. Чи хэн нэгэнтэй нэвтрэлцэхэд хормын төдий тайвшрал өгнө. Хэрэв чи өөртөө нэвтэрвэл ертөнц, сансар дайдын дур ханалт үргэлжилсээр байх болно. Эрэгтэй, эмэгтэй хүний нэгдэл нь өнгөцхөн юм. Яахав хормын төдий цэнгэл авч ирнэ л дээ. Хэрэв чиний дотоод эр, эм хоёр учирвал… Чи дотооддоо ал ь алиныг нь хамт агуулж байдаг. Нэг тал чинь эрэгтэй нэг тал чинь эмэгтэй. Чи өөрөө эрэгтэй, эмэгтэй аль нь байх нь хамаагүй. Бүх хүн арга, билэг чанартай. Будын тав дахь утга бол нэвтрэхүй. Чиний дотоод дахь эрэгтэй, эмэгтэй хоёр нэгдэх үед чи нэгэн бүхэл болно. Тэр л үед гадаад ертөнцрүү хандах хүсэл чинь үгүй болж чи эрх чөлөө нирваанд хүрнэ. Буддагийн зам бол Будын зам. Будда бол түүний нэр бус түүний оршихуйн төлөв байдал. Гуатам Сидхарта нэгэн өдөр Будда болсон. Нэгэн өдөр түүний Буд ухаан цэцэглэн арван мянган дэлбээт бадамлянхуа дэлгэрсэн. Будда хэмээхүй нь Христ гэсэнтэй агаар нэгэн. Есүсийн нэр Христ биш. Үнэмлэхүйн цэцэглэлтийн төлөв байдлыг нвь Христ гэж нэрлэсэн. Гаутам Сидхарта тэр олон Будда нарын нэгэн билээ. Хүн бүхэнд Буд язгуур бий. 10000 дэлбээт лянхуа болон дэлбээлэх ухамсарын үр чамд бий. Урган соёолж том мод болон ургаад тэнгэртэй хамт найган бүжих, үр жимсээ өгч, ододтой хамт дуулах чи бол Будда. Буддагийн  зам бол ухааны зам. Сэтгэл мэдрэхүйн зам ердөө ч биш билээ. Мэдрэмжтэй хүмүүс гэгээрэлд хүрдэггүй гэсэн үг бус. Тэдэнд өөр замнал буй. Залбирал хайрын зам буюу Бахти Йога. Буддын зам бол цэвэр Гиан Иога, мэдэхүйн зам. Буддагийн зам бол хайрын зам биш, бясалгалын зам. Ухааныг хэрэглэх учиртай. Хаяж орхиж үл болно. Ухааныг хувиргах учиртай харин хэрэгсэхгүй орхиж болохгүй. Ухааныг, гишгүүрийн хамгийн эцсийн шатан дээр хүрч байж л сая хувирган, чандад нь гарч болно. Оюун санаагаа улам хурц, саруул болгон хөгжүүлэх хэрэгтэй. Оюун ухаан чинь хийж чадах бүхнээ хийсний дараа тэр нэгэн мөч ирнэ. Тэр үед л оюун ухаандаа баяртай гэж хэлэх хэрэгтэй болно. Энэ урт замыг туулахад чинь хөлөг болсон. Одоо эрэгт ирлээ. Завиа орхих цаг болжээ. Чи завиа толгой дээрээ өргөөд цааш явахыг хүсэхгүй биздээ. Тэгвэл тэнэглэл болно. Буддагийн зам ухаанаас эхэлж түүний чандад гардаг. Өөрийн нээж чадах бүхнээ оюун ухаан чиний өмнө дэлгэсэн цагт түүний ажил дуусдаг. Өвчин эдгэсний дараа эмийг ч орхих хэрэгтэй. Чи эрүүл болсны дараа эмээ ч хаяна. Тэгж байж л эрх чөлөөг мэдэрнэ. Заримдаа өвчин эдгэсэн ч чи эмэндээ дасаж үлддэг. Тэр бол эрх чөлөө биш. Чиний хөлд өргөс ороход өөр нэг өргөсөөр тэрхүү өргөсийг авчихна. Дараа нь хоёуланг нь хаядаг. Чамд хэрэг болсон өргөсийг ч хаяна. Оюун ухаан чамайг өөрийгөө  сэрж ухамсарлахад тус болно. Нэгэнт өөрийн оршихуйг таньсан бол түүнийг танихад хэрэг болсон зэмсэг үүргээ гүйцэтгээд хойш тавигдана. Чи талархсанаа илэрхийлээд баяртай гэж хэлэх цаг болжээ. Хэдий ухааны чандад гардаг боловч Буддагийн зам бол цэвэр оюун ухааны зам билээ.

Буддагийн тухай Ошо Гэгээнтэний номоос.